Monday, December 14, 2015

Хүн зөв бодолтой байж амдралтайгаа нүүр тулан сайхан амьдарлын төлөө зүтгэх хэрэгтэй

Их дэлгүүрт явж байтал нэг хүн миний өөдөөс инээмсгэлэн ирж надтай мэндэллээ. Тэр хүний царай их л танил харагдах боловч би тэр хүний нэрийг огтсанадаггүй ээ.
- Сайн уу, сайхан намаржиж байна уу? Би ч хариу мэндлээд
- Уучлаарай юу билээ? Би бүр мартаж орхисон байна ш дээ гэхэд.
- Яагаав тээр жил манайхыг “Дарь эх” д амьдарч байхад ирж байсан шүү дээ гэхэд би сая л нэг юм танилаа.
Хорин хэдэн жилийн өмнө би нэгэн тусламжийн байгууллагад ажиллаж байхдаа тарчиг ядуу амьдралтай айл өрхөд тусламжийн тариа будаа түгээх ажлаар явж байгаад Дарь эхийн нэг хорооны нийгмийн ажилтантай уулзсан юм
-Манай хороонд гачигдалтай нэлээн хэдэн айл бий. Гэхдээ Ганбаа гээд хог түүдэг нэг ах байдаг юм. Таван өнчин хүүхэдтэй. Эхнэр нь хагас жилийн өмнө нас барчихсан хэмээн танилцуулаад бидэнд тэр айлын хаягийг хэлж өгч билээ.
Би ч дотроо “Яана даа. Тавын таван өнчин хүүхэдтэй. Тэгээд хог түүж амьдарна гэж юу байхав дээ” хэмээн халаглан бодож билээ . Өчнөөн олон өнчин хүхэдтэй. Тэгээд хог түүж амьдардаг гэхээр л надад өөрийн эрхгүй хөөрхийлэлтэй дүр зураг төсөөлөгдсөн дөө. Ядуу зүдүү гэхээр л бохир заваан арчаагүй байх ёстой гэж бодож явдаг байсныг ч хэлэх үү. Үнэндээ би тэр үед гачигдал дутагдал, зовлон зүдгүүрийн талаар ямар ч ойлголтгүй байсан юм.
Харин Ганбаагийн хашаанд яваад ороход хашаа нь тун цэмцгэр цэвэрхэн байсныг хараад бага зэрэг гайхширснаа юунд нуух билээ. Гэрт нь ороход мөн л цэмцгэр цэвэрхэн. Ганбаа галаа түлээд сууж байлаа. Орон дээр нэг өлгийтэй хүүхэд унтаж байх юм. Хажууд нь угж харагдана. Хоёр охин аяга тавгаа угаагаад зогсож байв
-Сайн байна уу? Бид хорооноос танай хаягийг аваад танайд жаахан гурил будаа авч ирсэн юм гэхэд гэрийн эзэн
-Өө их баярлалаа. Би ч энэ хэдийгээ өлсгөчихгүй юмсан л гэж их бодох юм. Яахав дээ би гэж хүн хог дээрээс хөнгөн цагаан, зэс гууль цуглуулж л амьдралаа залгуулах юм даа. Би энэ хэдэн хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд оруулаад , бичиг үсэг сургаж, олны дунд хүмүүжүүлчихвэл ирээдүйд нь ихтус болно доо д гэж бодож явна. Та бүхэн манай энэ хэдэн хүүхдүүдийг л сургууль цэцэрлэгт оруулаад өгөх юм бол болох нь тэр. Би ч гэсэн санаа амар хогоо түүгээд, хоол ундаа залгуулаад байж дөнгөнө дөө гэж хэлж билээ. Үүнийг сонсоод би Ганбаа гэх энэ хүнийг өөрийн эрхгүй хүндэлж билээ
Түүнээс би хойш ядуу зүдүү амьдралтай хүн бүр арчаагүй сул дорой хүмүүс биш байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан даа. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролын төлөө санаа тавьж суугаа цэвэрч нямбай, ажилсаг хичээнгүй, сайн аавтай би тийнхүү анх уулзаж байснаа саналаа .
- Өө би санаалаа саналаа. Танайх одоо хаана байна. Хүүхдүүд том болсон уу?
- Өлгийтэй байсан бага нь сая сургуулиа төгссөн. Охидууд маань бүгд нөхөр хүүхэдтэй болцгоосоон. Би ч өвөө болсон шүү дээ. Харин би одоо хүүгийндээ амьдарч байна. Манай хүүгийнх маань “Алтай “хотхонд байдаг юм. Одоо бид хэд цөмөөрөө сайхан амьдарч байгаа. Үүнийг сонсоод зогсч байхдаа би “Хүн хэчнээн ядарч туйлдсан ч зөв бодолтой явах юм бол ямар ч зовлон бэрхшээлийг даван туулж сайн сайханд хүрч чаддаг юм байна даа” хэмээн бодож билээ. Ганбаа бидэнтэй уулзаж ярилцаж байхдаа ганц ч гомдол харууслын үг цухуйлгаагүй бөгөөд хэн нэгнийг буруутган шүүмжлээгүй гэдгийг би сайн санадаг юм.
Өөрийнхөө зовлон зүдгүүрт бусдыг буруутгалгүй. Өнөөдрийнхөө зовлон зүдгүүртэй нүүр тулан ирээдүйнхээ сайн сайхныхаа төлөө санаа тавьж, тэмцсээр ирсэн Ганбаа маань өнөөдөр амар түвшин, сайн сайхан амьдарч байгаа нь бурхан түүнийг харж үзсэн гэлтэй.
Ядарч зүдэрч явсан ч эрүүл сэтгэхүй, зөв бодолтой амьдарч болдгийн нэгэн жишээ энэ буй за.

No comments:

Post a Comment